EDUexpo


НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА


Монгол улсын төрөөс иргэдийнхээ насан туршид сурч хөгжих хэрэгцээг албан болон албан бус боловсролын нэгдлийг боловсронгуй болгох замаар хангана гэж үзээд Боловсролын тухай хуулинд “Монгол Улсын боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байна”, “Иргэн нь боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно” гэж хуульчлан заасан байдаг. Албан бус хэлбэрээр эзэмших насан туршийн тасралтгүй боловсрол нь боловсрол эзэмших иргэний эрхийн салшгүй хэсэг бөгөөд нийгэм-соёлын тэгш бус байдлаас үүдэлтэй хүн бүрийн ялгаатай хэрэгцээг хангах, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоон байгуулах үйл ажиллагаа, цаашлаад хүмүүс хэрэгцээт мэдлэг, чадвар, хандлагын үнэт зүйлсийг эзэмших, өөрийн бололцоонд тулгуурлан амьдралаа зөв авч явах, амьдралын чанараа дээшлүүлэх гол хэрэгсэл юм.
НТБҮТ-ийн түүхэн товчоо:

  • 1991 онд Боловсролын хүрээлэнгийн дэргэд Албан бус боловсролын секторын хүрээнд АББ-ын онол, арга зүйн асуудлыг судлах үйл ажиллагаа явуулж байсан.
  • 1997-2004 онд хэрэгжих “Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэх зорилгоор 1997 онд Гэгээрлийн яамны харьяа Албан бус боловсролын төв болон бие даасан байгууллага болсон.
  • “Зайны сургалтын үндэсний хөтөлбөр /2002-2010/”, “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр /2004-2012/” хэрэгжих болсноор 2002 онд БСШУСЯ-ны харьяа Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв болон өргөжсөн.
  • 2012 онд БШУЯ-ны харъяа Насан туршийн боловсролын үндэсний төв болсон. /Насан туршийн боловсролын талаар баримтлах чиглэл 2013/

Насан туршийн боловсролын үндэсний төв нь насан туршийн боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад боловсролын асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах, бодлогын хэрэгжилтийг үндэсний түвшинд зохион байгуулах, орон нутгийн боловсролын байгууллага, хүний нөөцийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, сургалт-судалгаа, арга зүйн байгууллага юм.

Эрхэм зорилго: Хүн төрсөн цагаасаа эхлэн насан хутгийг олох хүртлээ амар тайван, эрүүл энх, нэр төртэй амьдрах орчинг бүрдүүлэх насан туршдаа
тасралтгүй боловсрох боломжийг бүрдүүлэх.

Үйл ажиллагаа:

  • Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх насан туршийн боловсролын бодлого боловсруулахад БШУЯамыг мэдээллээр хангах,
  • Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аймаг, сум, дүүргийн Насан туршийн боловсролын төв, нэгжийг арга зүй, удирдлагаар хангах,
  • Насан туршийн боловсролын салбарын багш, боловсон хүчнийг мэргэшүүлэх, ур чадвар дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах,
  • Иргэдийн сурах хэрэгцээний судалгаа хийх,
  • Иргэдэд зориулсан танхимын, танхимын бус, бие даан сурах, зайнаас болон онлайн сургалтад хэрэглэх ном, сурах бичиг, сургалтын материал, хөтөлбөр боловсруулах,
  • Зайны сургалтын хэвлэмэл, цахим, аудио, видео материал бэлтгэх, хэвлэх,
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт орчинд зориулагдсан материал боловсруулах

EDUexpo


Салбар дундын хамтын ажиллагаа:
БОАЖЯ, НХХЯ, ЭМЯ, БХЯ, Сангийн яам, Монголбанк зэрэг яамд, төрийн байгууллагуудтай хамтран үндэсний хөтөлбөр боловсруулах, төсөл хөтөлбөр
хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах, гарын авлага боловсруулах зэргээр хамтран ажиллаж байна. Тухайлбал:

  • 2017-2020 онд “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран улсын хэмжээнд насан туршийн боловсролын салбарын бүх багш нар, банк санхүүгийн байгууллагын ажилтан 1200 сургагч багш бэлтгэн, багш нарт зориулсан 11 цуврал гарын авлага боловсруулахад хамтран ажилласан.
  • 2019 оноос “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ХЗЯ, ХЗҮХ-тэй хамтран үндэсний хэмжээнд насан туршийн боловсролын багш нарыг “Эрх зүйн хөтөч”-өөр бэлтгэж байна.
  • Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Гамшгийн үеийн сайн дурынхны зохион байгуулалт сэтгэл зүйн дэмжлэгт үйлчилгээний арга зүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж орон нутгийн насан туршийн боловсролын багш нарыг чадавхжуулж байна.
  • 2020 оны 2 сараас 6 сарын хооронд бүх насныханд зориулсан 163 теле хичээлийг 90 гаруй төрийн болон бус байгууллага, хувь хүнтэй хамтарч хийн олон нийтэд хүргэлээ.

Гадаад хамтын ажиллагаа:

Тус байгууллагын үйл ажиллагаа нь гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн хамтын үйл ажиллагааны хүрээнд ихэнх хэсэг нь явагддаг тул НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО, ЮНИСЕФ, Хүн амын сан, Японы Хүүхдийг Ивээх сан, ЖАЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон улсын байгуулагатай хамтран ажиллаж
тодорхой үр дүнд хүрснээс сүүлийн 5 жилд үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс дурдахад;

  • НҮБ-ын ХАС, Монгол улсын засгийн газар хамтарсан “Залуучууд хөгжил” төсөл /2013-2017 он/,
  • НҮБ-ын ХС-ийн “Боловсрол нөхөн олгох хөтөлбөр” /2012-2017/,
  • Японы ХИС-ийн “Алслагдсан хөдөөгийн хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төсөл /2012-2016/,
  • Монгол улсын засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл /2014-2017/,
  • ЮНЕСКО Бангкокийн дэмжлэгтэй “Ази-Номхон далайн орнуудад олон нийтэд түшиглэсэн тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих нь” төсөл /2019-2020/,
  • Японы ХИС-ийн “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төсөл /2018-2021/,
  • Японы ХИС-ийн “Хүүхэд, залуучуудыг циркийн урлагаар дамжуулан нийгэмшүүлэх нь” төсөл /2015-2019/,
  • НҮБ-ын ХС-ийн “Лам хүүхдэд боловсрол нөхөн олгох нь” төсөл /2016-2018/,
  • Дэлхийн банкны санхүүжилтээр ЯХИС-ийн хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар болон энтрепренершипийн боловсрол олгох” төсөл /2019-2022/,
  • Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өсвөр үеийнхэн, залуучуудад хөдөлмөр, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллийн төвийг байгуулах” /2020 он/
  • Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд “Ерөнхий боловсролын сайжруулсан сургалтын хөтөлбөрт нийцүүлэн бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцүүлсэн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулалт,
  • НҮБ-ын ХС-ийн санхүүжилтээр Бага боловсролын дүйцсэн хөтөлбөрийн модуль боловсруулах гэх мэт.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА

2020 оны байдлаар улсын хэмжээнд 31 төв нь бие даасан хэлбэрээр, 330 төв орон нутагт ерөнхий боловсролын сургууль, сумын Засаг даргын тамгын газрын харьяанд ажиллаж байна. НТБ-ын салбарт 635 боловсон хүчин ажиллаж байгаагийн 500 нь насан туршийн боловсролын багшаар ажиллаж байна.

Тухайн орон нутагтаа төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын болон дотоодын хөтөлбөр, төсөлтэй хамтран иргэдийн боловсролын хэрэгцээний судалгаанд тулгуурлан урт, богино хугацааны болон захиалгат сургалт зохион байгуулах, мэдээлэл хийх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран иргэдийн хандлагийг өөрчлөх, уулзалт, уралдаан зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг болно.
Мөн насан туршийн боловсролын агуулгын хүрээнд гэр бүлийн, ёс суртахуун -төлөвшлийн, гоо-зүйн мэдрэмжийн, амьдрах ухааны, иргэний, шинжлэх ухааны болон эрүүл мэнд, хууль эрх зүй, санхүүгийн боловсрол олгох сургалт, үйлчилгээ, боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалт, амьдрах ухаанд суурилсан бичиг үсгийн боловсрол олгох сургалт, хүүхэд, залуус, насанд хүрэгчдэд зохион байгуулдаг.


Вэбсайт: www.ncle.edu.mn

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот – 14191, Сүхбаатар дүүрэг, 8 -р хороо, Бага тойруу-14, МУБИС-ийн 12-р байр, Төв номын сан

Аймаг, дүүргийн Насан туршийн боловсролын төвүүд

EDUexpo