EDUexpoМХЕГ-ЫН ДАРГА Т.ГАНТУЛГЫН        МЭНДЧИЛГЭЭ

“Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх хамтын санаачилга, түншлэл” Үндэсний вебинар зөвлөгөөнийг зохион байгуулагч Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн түшиц байгууллага-Боловсролын хүрээлэн, төслийг орон нутагт хэрэгжүүлэгч Байгаль Орчны Мэдээлэл Сургалтын Төв, төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллагууд, уг арга хэмжээг санхүүжүүлэгч Швейцарын Хөгжлийн Агентлаг болон  зөвлөгөөнд оролцогчид та бүхний амар амгалан айлтган мэндчилье.

    НҮБ-аас батлан гаргасан “Тогтвортой хөгжлийн боловсролын дэлхий нийтийн үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй нийцүүлэн Монгол Улсын Засгийн Газраас “Тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг 2018 онд батлан гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

            Монголчууд бид байгаль орчигтойгоо зохицон амьдарч нөөц баялгийг зохистой хэрэглэж, нүүдэлчдийн соёл уламжлалаар дамжуулан үр хүүхэддээ эх дэлхийгээ хайрлан хамгаалах хүмүүжил төлөвшлийг түгээн дэлгэрүүлж ирсэн өвөрмөц заншилтай ард түмэн билээ. Дэлхий нийтийн даяаршил, улс орнуудын  хөгжил,  хүн амын хурдтай өсөлт, хэт их хэрэглээ, хотжилтоос улбаалсан байгаль орчны бохирдол, доройтол нь экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулах боллоо.

            Монгол Улсын эдийн засгийн гол салбар нь уул уурхайн олборлолт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл байгаагаас хамааран байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл их байна. Мөн хотжих үйл явц, барилгажилттай холбоотой орчны аюулгүй байдал, эко шийдэл алдагдаж байгааг бид бүхэн сайн мэднэ.   

Энэ бүхний зүй зохицлыг тэнцвэржүүлж, хууль эрхзүйн хэрэгжилтийг хангуулахын төлөө Мэргэжлийн хяналтын байгууллага ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн. Тухайлбал:

  1. Улаанбаатар хотод агаар бохирдуулах зарим бодисын агууламж Монгол Улсын агаарын чанарын стандартаас 3 дахин давсан үзүүлэлттэй байсан зөрчлийг арилгах зорилтын хүрээнд өнгөрсөн онуудад түүхий нүүрс  хэрэглэхийг хориглох үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж PM2.5 тоосонцорын үзүүлэлт  68%, PM10 тоосонцорын үзүүлэлт 40%-иар багассан үр дүн гарсан байна.
  2. Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд хийгдсэн 2020 оны хяналт шалгалтаар техникийн нөхөн сэргээлтийг нийт 1363.26 га талбайд, түүний 46.1 хувьд нь биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн байна.  
  3. Хүүхдийн эрх, сургалтын орчны аюулгүй байдлын чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтаар суралцагчдын тоо цэцэрлэг, сургуулийн барилгын багтаамжийн нормоос хэтэрсэн, нэг ангид суралцах хүүхдийн тоо стандарт хэмжээнээс давсан ачаалалтай, түүнээс улбаалан дотоод орчны агаарт байгаа нүүрстөрөгчийн давхар исэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 40,0-55,2 хувиар ихэссэн зэрэг зөрчлүүдийг илрүүлж, шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.  Цаашид сургалтын орчны аюулгүй байдлыг тодорхойлох хяналтын хуудасны шалгуур үзүүлэлтүүдийг тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа болсон сургууль бүхлээрээ ажиллах арга хандлагын өөрийн үнэлгээтэй уялдуулан сайжруулж, Шадар сайдаар батлуулан ажилдаа нэвтрүүллээ.

            Хяналтын байгууллагын илрүүлсэн дээрх зөрчлүүд нь ихэвчлэн хүний хүчин зүйлээс шалтгаалсан ёс зүйгүй үйлдлүүд байдаг. Байгаль дэлхийгээ шүтэн хамгаалж ирсэн ардын ухааныг сэргээж, шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлал,  мэдлэг, мэдээллийг бүх шатны боловсролоор дамжуулан хүүхэд залууст эзэмшүүлэх, бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх нь туйлын чухал юм. 

Тиймээс манай байгууллага нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангуулах, үндэсний түвшинд институтчилсэн “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллагаар ажиллаж, хүлээсэн үүргээ биелүүлэх эрмэлзэл дүүрэн байна.

Хуралд оролцогч та бүхэнд талархал илэрхийлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

МХЕГ-ЫН ДАРГА, МОНГОЛ УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧ Т. ГАНТУЛГА

 

 

 EDUexpo MОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ

                      МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Алсын хараа: Мэргэжлийн хяналт шалгалт-Хүний эрүүл аюулгүй амьдралын төлөө

Эрхэм зорилго: Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль, тогтоомжийг сахиулан, хүний болон нийгмийн  тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчинг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд мэргэжлийн хяналтын байгууллагын эрхэм зорилго оршино.

 Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын товч танилцуулга

         Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Монгол Улсын Их Хурлын 2002 оны 58, Монгол Улсын засгийн газрын 162 дугаар тогтоолоор салбарын яамд байгууллагын харьяанд ажиллаж байсан 13 хяналтын агентлаг, нэгжийг нэгтгэн хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгож, анх Улсын мэргэжлийн хяналтын газар нэртэйгээр  Монгол Улсын ерөнхий сайдын харьяанд байгуулсан.

      Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын чиг үүргийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 21 аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дүүргүүд дэх мэргэжлийн хяналтын хэлтэс, Хилийн боомтууд дахь Мэргэжлийн хяналтын албадын 2000 гаруй улсын /ахлах/ байцаагч, ажилтнууд  Монгол улсын 100 гаруй хууль, Олон улсын 40 гаруй гэрээ конвенци, УИХ-ын 20 гаруй тогтоол, 300 гаруй Засгийн Газрын тогтоол төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон 430 гаруй дүрэм журам, 3000 гаруй стандарт, техникийн зохицуулалт, норм нормативын хэрэгжилтэд  27 чиглэлээр хяналт тавин ажиллаж байна.

   1. Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газар

  • Эмчилгээний чанарын хяналт
  • Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналт
  • Эм,биобэлдмэлийн хяналт
  • Боловсролын хяналт
  • Соѐлын хяналт

2. Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газар

  • Хүнсний чанар, стандартын хяналт
  • Ургамал хамгаалал , хорио цээрийн хяналт
  • Таримал ургамал, үр хорио цээрийн хяналт
  • Мал эмнэлгийн хяналт
  • Мал үржлийн хяналт

3. Дэд бүтцийн хяналтын газар

  • Барилгын техникийн /өргөх механизм/ хяналт
  • Эрчим хүчний хяналт
  • Харилцаа холбооны хяналт
  • Хэмжил зүйн хяналт
  • Автозамын хяналт
  • Тээвэр /авто, усан зам/-ийн хяналт

4. Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар

  • Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналт
  • Геологи, уул уурхайн хяналт

5. Экспорт, импорт, хил хорио цээрийн хяналтын газар

  • Хүнсний чанар, стандартын хяналт
  • Эм,биобэлдмэлийн хяналт
  • Байгаль орчны хяналт

6. Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар

  • Цөмийн аюулгүй байдлын хяналт
  • Цацрагийн аюулгүй байдлын хяналт хяналт

7. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газар

  • Хөдөлмөрийн хяналт
  • Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт
  • Нийгмийн хамгааллын хяналт
  • Тусгай хяналт

    Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори

     Хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлж болох хими, физик биологийн хүчин зүйлүүдийг хүнс, гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, эм биобэлдмэл, ундны ус, таримал ургамал зэрэгт орчин үеийн аргаар чанарын өндөр түвшинд шинжлэх зорилготой нэгдсэн төв лабораторитой.

      Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лаборатори  нь олон улсын лабораториудыг итгэмжлэх тогтолцооны дагуу сорилтын болон клабровскийн лабораториудын чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO-17025:2007-ын дагуу шалгуулж, 2009 онд итгэмжлэгдсэн.                   ......Мөн Үндэсний болон Ази номхон далайн бүсийн итгэмжлэлийн газар (APLAC), Ази номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр (APMP), Хүнс болон орчны судалгааны байгууллага (FERA)-ын Хүнсний шинжилгээний ур чадварын үнэлгээний схем (FАPAS), Их Британы UKAS (United Kingdom Accredited System)-р итгэмжлэгдсэн Английн LGC Standards зэрэг олон улсын байгууллагуудын ур чадварын хөтөлбөрт тогтмол оролцож шинжилгээний ур чадвараа хөндлөнгөөс үнэлүүлдэг.

      2015 он 12 сарын 21-ны өдөр АНУ-ын ANSI-ASQ итгэмжлэлийн байгууллагаар ISO/IEC 17025:2007 стандартын дагуу Эмийн хяналтын лаборатори эмийн сорилт гүйцэтгэхээр итгэмжлэгдсэн.

       2017 он 12 сарын 18-ны өдөр АНУ-ын ANSI-ASQ итгэмжлэлийн байгууллагаар ISO/IEC 17025:2007 стандартын дагуу Эмийн хяналтын лаборатори эмийн химийн болон эмийн микробиологийн шинжилгээ, Эрүүл ахуй хими хор судлалын хяналтын лаборатори болон Эрүүл ахуй нян судлалын хяналтын лабораториуд 28 аюулгүйн үзүүлэлтээр шинжилгээ гүйцэтгэхээр итгэмжлэгдсэн.

    Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэл

    Монгол Улсын засгийн газар, Олон Улсын санхүүгийн корпорацийн хооронд 2009 онд байгуулсан санамж бичгийн дагуу” Бизнесийн хяналтын шинэчлэл” төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд мэргэжлийн хяналт шалгалтын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналт шалгалтын арга барилыг шинэчлэн олон улсын арга, туршлагыг нэвтрүүлэх, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилготой олон ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.

EDUexpo

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулав

        Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд 2010 онд нэмэлт өөрчлөлт оруулж, мэргэжлийн хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдалд учруулж болох аливаа эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглүүлэх, эрсэдлийн үнэлгээнд суурилсан шалгалтын шинэ хандлага, арга технологийг нэвтрүүлэх, ил тод, ойлгомжтой байдлаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг нийгмийн эрэлт хэрэгцээ, олон улсын жишиг шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, төрийн захиргааны хяналтын шинэчлэлийг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж өгсөн.  

2.Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын шинэ арга барилыг хэрэгжүүлж эхлэв.

     Төрийн хяналт шалгалтын тухай  хуульд заасны дагуу  хяналт шалгалтын обьектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур үзүүлэлтүүдийг Монгол Улсын засгийн газрын 2012 оны 23 дугаар тушаалаар батлуулж, хүний амь нас, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болох аливаа хор хохирол, үр дагаврыг үнэлэх шалгуурыг тодорхойлж, мэргэжлийн хяналт шалгалтыг эрсдэлийн түвшин өндөр обьектод чиглүүлэх нөхцөл бүрдсэн.

                EDUexpo

3. Хяналтын хуудас ашиглаж эхэллээ.

         EDUexpo    Мэргэжлийн хяналтын байгууллага 2010 оноос өндөр хөгжилтэй орнууд болон хяналт шалгалтын шинэчлэлийг амжилттай                 хэрэгжүүлж байгаа Зүүн Европын зарим улсын хяналтын байгууллагуудад хэрэглэж байгаа “хяналтын хуудас”-ыг судалж, өөрийн орны онцлогт тохируулан 140 гаруй хяналтын хуудас боловсруулж, хяналт шалгалтад ашиглаж эхэлсэн.       .....Хяналтын хуудас нь хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах, үнэлгээг бодитой болгох, хууль тогтоомж, стандартыг аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах  ач холбогдолтой.

            Хяналтын хуудсаар хяналт шалгалт хийсэн тухай бүртгэл мэдээллийн сан, зөрчлийн түүх бүрдүүлж,  мэдээллийн баазад үндэслэн дараа жилийн хяналт шалгалтад хамрагдах эрсдэл бүхий обьектод шалгалт хийхэд ашиглана.

           Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хяналтын хуудсыг үнэ төлбөргүй татан авч дотоодын хяналт шалгалтдаа ашиглах боломжтой.

4. Шилэн хяналтын систем нэвтрүүллээ.

    EDUexpo

     Төрийн байгууллагаас хувийн хэвшилд хийгдэж байгаа хяналт, шалгалтын давтамж, хамрах хүрээ, аж ахуйн нэгжийн ачааллын талаарх бодитой мэдээллийг бүртгэх, харуулах зорилготой шилэн хяналтын систем ажиллуулж байна.

      Мэргэжлийн хяналтын байгууллага 40 эрсдэлийн шалгуураар, 277 хяналтын хуудсаар 145000 объектод 2015-2020 онд хийсэн эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын статистик тоон мэдээллийг 90 маягтын дагуу шилэн хяналтын системд бүртгэл хийж байна.

      Аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн байгууллагын эрсдэлийн үнэлгээний явцтай танилцах бол  http://shilenkhyanalt.gov.mn/-д тоон гарын үсгээр нэвтэрч Мэргэжлийн хяналтын байгууллагаас  хийх хяналт шалгалтын төлөвлөгөө, илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ, лабораторийн шинжилгээний дүн, эрсдэлийн үнэлгээний мэдээллийг авах боломжтой болсон.

     2020 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 62224 объектод эрсдэлийн үнэлгээ хийж,  2021 онд шалгалтад хамрагдах обьектыг хуульд заасан хугацаанд олон нийтэд зарлаж байна.

5.Хэрэглэгчийн хяналтын хуудас ашигладаг боллоо.

EDUexpo   

 Мэргэжлийн хяналтын байгууллага аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд  эрсдэл учирахаас  урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад хэрэглэгчийн хяналт, хариуцлага, мэдлэгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор хэрэглэгчийн хяналтын хуудсыг боловсруулан http://inspection.gov.mn –д байршуулсан.  

   

 

 

Хэрэглэгч хянах эрхтэй. Хэрэглэгчийн хяналтын хуудсанд заасан шаардлагыг тухайн байгууллага биелүүлээгүй тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж болно.

      

6. Хяналт шалгалтын давтамж буурч, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, сургалт, урьдчилан сэргийлэх хяналт болон зөвлөн туслах үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

       Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт шалгалтын үйл ажиллагаанаас гадна тандалт судалгаа, хяналт шинжилгээ, сургалт, урьдчилан сэргийлэх хяналт болон зөвлөн туслах үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэглэгч, бизнес эрхлэгчдэд хууль тогтоомж, норм стандартыг хангаж ажиллах нь үүсч болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгон, соѐн гэгээрүүлж, зөвлөн туслахад  анхаарч  ажиллаж байна.

      2020 онд 69572 обьектод шалгалт, бусад хэлбэрийн хяналт тавьсны 32,5 хувь нь   шалгалт, 67,5  хувь нь тандалт судалгаа,  зөвлөн туслах үйлчилгээ, баталгаажуулах үйл ажиллагаанд хамрагдсан байна.

EDUexpo

Мэргэжлийн хяналтын байгууллагаас 145913 объектод эрсдэлийн үнэлгээ хийхэд, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болзошгүй эрсдэл их объект 14.5%, эрсдэл дунд 57.8%,   эрсдэл бага 27.7%  үнэлэгдсэн байна.

7. Мэргэжлийн хяналтын байгууллага  шалгалтаас гадна иргэн, аж ахуйн нэгжид зориулан сургалт зохион байгуулж, төрийн үйлчилгээг хурдан шуурхай явуулах нөхцөл бүрдүүлж  байна.

  EDUexpo   - Хяналт шалгалтын үр дүн, хууль тогтоомжийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, зөвлөмж, сэрэмжлүүлэг, сурталчилгааг олон талын сувгуудаар дамжуулан хүргэж байна.

      2020 онд байгууллагын Зөвлөгөө мэдээллийн төвөөр дамжуулж  13 удаа мэдээлэл хийж, 5 удаа хэвлэлийн хурал зохион байгуулж, байгууллагын вэб сайтад иргэд болон бизнес эрхлэгчдэд зориулан 43 мэдээлэл, 20 видео, 30 фото мэдээлэл,онцлох  69 мэдээ байршуулсан.

       Мөн давхардсан тоогоор 258 цаг үеийн шинэ мэдээллийг байгууллагын фейсбүүк хуудсанд нийтэлсэн. 39 удаа хяналт шалгалт хийх явцад  мэдээлэл бэлтгэж зураг, видео мэдээлэл, 26 удаа 57 цагийн шууд дамжуулалтыг байгууллагын пэйж хуудсаар олон нийтэд хүргэсэн байна. 

      Иргэдийн хэрэглээний соѐл, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2020 онд 24 удаагийн сургалт, семинар зохион байгуулж, нийт 3541 иргэнийг хамрууллаа.

  Иргэн, аж ахуйн нэгжид зориулан үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх төрийн үйлчилгээг хурдан шуурхай явуулах зорилгоор дараах ажлуудыг хийж байна.

  • Хилийн хяналт шалгалтын үйл ажиллагааг цахимжуулснаар гадаад худалдаа хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлсэн.
  • Гадаад худалдааны мэдээллийн санг шинээр байгуулснаар импорт, экспорт хийхэд оролцдог 15 төрийн байгууллагын мэдээллийг нэг дороос авдаг боллоо. https://www.mongoliatradeportal.gov.mn/
  • Улсын байцаагч хилийн боомт, газар тариалангийн талбай, худалдаа, үйлчилгээний газарт хяналт шалгалт хийхдээ "Ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ"-ний мэдээлэл болон ургамлын бодис, бордоо импортлох тусгай зөвшөөрлийн мэдээллийг ХХААХҮЯ-ны шинээр байгуулсан цахим системийг ашиглах боломж бүрдлээ.
  • Замын- Үүд, Алтанбулаг хилийн боомт, Дархан-Уул аймгийн гүний терминалд хяналт шалгалт хийж буй улсын байцаагч 19 төрлийн гар багажаар бараа бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж байна.
  • “Бизнес эрхлэгчдэд лабораторийн шинжилгээтэй холбоотой тулгамдсан асуудлыг тодорхойлох тандалт судалгаа
  •  “Хэрэглэгчийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, чадварыг тодорхойлох" тандалт судалгаа
  • “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний өнөөгийн байдал, үүсч болзошгүй эрсдэлийн үнэлгээ” тандалт судалгаа
  •  “Гадаад худалдаанд зарцуулж буй цаг хугацааг тогтоох /TRS/ судалгаа Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Буянт-Ухаа боомт болон АБТЭМА, Монголтранс гүний терминалд  судалгаа хийж, үр дүнд үндэслэн хяналт шалгалтын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

       8. "Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт" төсөл хэрэгжүүлж эхэллээ.

EDUexpo           2021 оноос эхлэн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтарч  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар "Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт" төслийг эхлүүллээ. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр технологийн өөрчлөлтөд тохирсон хөгжлийн бодлогоо тодорхойлон, дижитал дэд бүтцийг байгуулж, иргэд хэрэглэгчтэй хамтарсан хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны шинэ загварыг боловсруулах, иргэд, хэрэглэгч, аж ахуйн нэгж байгууллагуудтай харилцан мэдээллээ шуурхай солилцож, ухаалаг үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.

 

 


Вэбсайт: inspection.gov.mn

Хаяг: Засгийн газрын XII байр, Барилгачдын талбай-13, Улаанбаатар 15170